Та сурах үнэхээр шаардлагатай - TopicsExpress



          

Та сурах үнэхээр шаардлагатай зүйлс Стивэн Доунэс Гай Кавасаки өнгөрсөн долоо хоногт “энэ хичээлийн жилд сурах ёстой арван зүйлс” гэсэн нийтлэлдээ уншигчдыг хэрхэн таван өгүүлбэртэй имэйл илгээх, слайд бэлтгэх, залхуутай уулзалтыг давах талаар зөвлөгөө өгчээ. Үүнд хэрхэн бизнесмэний дүр эсгэгч болохыг зөвлөсөн мэт санагдана. Миний хувьд хүмүүс үүнээс арай ч илүүгээр үнэлэгдэнэ, боссынхоо таалалд нийцэхийг хичээх нь таны анхаарах тийм ч чухал зүйлсийн нэг биш болон жинхэнэ сурах үйл явц гэдэг бол хэрхэн бизнесийн орчинд амжилт гаргах вэ гэдгээс илүү утгатай зүйл байх болов уу гэж бодном. Гэвч та юуг сурах нь зохилтой вэ? Таны сурч байгаа сургууль танд шалгалтаа өгөхөд л хэрэг болоод бусад үед хэрэглэгдэхгүй зүйлсийг заахыг оролдох болно. Үүний ачаар та зарим хэрэгцээтэй чадварууд, жишээ нь бичиг үсэгт тайлагдах ч гэх юмуу, сурах бөгөөд цаашид бие даан хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ Гай Кавасаки үгүй ядахад “сургуулиуд танд хэрхэн бизнесийн салбарт (таныг дүр үзүүлэгчийн амьдрал сонгосон үгүйгээс үл хамааран) болон ер нь амьдралдаа амжилтанд хүрэхэд жинхэнэ хэрэгтэй зүйлсийг заадаггүй” гэдэг дээр зөв байлаа. Энд би өөрийнхөө жагсаалтыг бичлээ. Энэ бол миний бодлоор та амжилтанд хүрэхийн тулд сурах шаардлагатай зүйлсүүд. Үүгээр ч зогсохгүй хэддүгээр ангид сурдаг, хэдэн настайгаас тань үл хамааран таны энэ жилд сурч эхлэх зүйлс гэж бодож байна. Би сэдэв тус бүрээр нь илүү дэлгэрэнгүй бичиж чадах боловч та үүнийг гарааны цэг болгон авч үзээд үлдсэнийг нь өөрсдөө сураарай. Харин сурган хүмүүжүүлэгчдийн хувьд би “хэрвээ та эдгээр зүйлсийг шавь нартаа заадаггүй бол яагаад зааж болохгүй гэж” хэмээн асууж байна. 1. Үр дагаварыг тооцоолох Ямар нэг бүтэлгүй явдлын үед “Би ингэнэ гэж бодсонгүй…” гэж сонсогдох нь элбэг.Үнэн хэрэгтээ бол ихэнх хүмүүс үр дагаварыг урьдчилан тооцоолохдоо маш муу байдаг бөгөөд сургуулиуд ч үүнд хэрхэн сайжрах талаар заахыг огт боддоггүй мэт. Үр дагаварыг урьдчилан тооцоолно гэдэг бол зарим талаар шинжлэх ухаан, зарим нь математик бас дүрслэх сэтгэлгээнээс тогтоно. Энэ нь үндсэндээ “Хэрвээ … ингэвэл, юу болох бол” гэсэн тохиолдож болох үйл явцыг тархиндаа төсөөлөх чадвар. Ийм үед тохиолдож болох гол аюул нь та яг юу тохиолдож болохыг тооцоолохын оронд юу тохиолдохыг хүсч байгаадаа илүү анхаарах юм. Жишээ нь ангал дээгүүр харайх гэж байгаа тохиолдолд та өөрийгөө нөгөө эрэгт үсрэн гарч байгаагаар төсөөлж болно. Ингэх нь сайн хэрэг төдийгүй амжилттай харайхад тус болно. Гэхдээ та нөгөө эрэгт гарч чадахгүй тохиолдолд яах вэ гэдгийг ч мөн төсөөлөх шаардлагатай. Хэрвээ тэгвэл юу болох вэ? Та ер нь 40 метр өндрөөс унавал юу болох талаар бодож үзэж байсан уу. Ийм үед л математик болон шинжлэх ухаан хэрэг болж эхэлдэг. Та одоогийн байдлыг өнгөрсөнд тохиолдсонтойгоо харьцуулж үзээд тохиолдож болох үр дагаваруудын биелэх магадлалуудыг нягтлан тооцох шаардлагатай болно. Жишээ нь, та 5 метр ангалыг харж байгаа бол “Би ер нь хэдэн удаа 5 метр газар харайж бас бүтэлгүйтэж байсан билээ? гээд асуух нь зохилтой. Хэрвээ та мэдэхгүй байвал ядахдаа эхлээд газар дээгүүр туршилтын харайлт хийгээд үзэхээ мэдэж байх ёстой шүү. Хүмүүс ер нь ирээдүйг төсөөлж боддоггүй. Гэхдээ сургуульд сурч байх хугацаандаа та “Дараа нь юу болох вэ?” гэж үргэлж өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Өөрийнхөө эргэн тойронд байгаа нөхцөл байдал, үйл явцыг илрүүлж ажиглаад гарч болох үр дүнгүүдийг нь таамаглахыг хичээгээрэй. Үүнийгээ бичиж тэмдэглэх, эсвэл блог хөтлөж сурах хэрэгтэй. Дадлага хийх тусам та тохиолдож болох үр дагаварыг тооцоолохдоо гаргуун болно. Бүр илүү хачирхалтай нь, цаг өнгөрөх тутамд та нийтлэг хэв маяг, ерөнхий тогтолцоо болон үр дагаварыг улам хялбараар таамаглах боломж олгодог тэрхүү хүчин зүйлсүүдийг ажиглаж эхлэх болно. Эд зүйлс унадаг, жишээлбэл. Шил хагарна. Хүмүүсийг доромжилвол тэд галзууртлаа уурлах болно. Халуун зүйлсийг алдаж асгахад амархан. Нохой заримдаа зуудаг. Автобус, галт тэрэг заримдаа хоцордог. Бидний “ердийн мэдрэмж” хэмээн голдуу нэрлэдэг дээрх маягийн ерөнхий ойлголтууд нь таныг гэнэтийн, зарим тохиолдолд бүр аюултай зүйл, үр дагавар тохиолдохоос сэргийлэх болно. 2.Хэрхэн унших Хачирхалтай нь, үүнийг уламжлалт бичиг үсгийн чадвартай холбоотойгоор биш харин илүүтэйгээр ямар нэг текстийг хараад ойлгох, яг юу гээд байгааг нь илүү ухаж ойлгохтой холбоотойгоор өгүүлнэм. (Энэ нь мөн дуу болон дүрст мэдээлэлд ч холбоотой боловч текстэд эхлээд суурилсан байхад дараа нь өөр зүйлд шилжихэд харьцангуй хялбар байх болно.) Бичлэгийн 4-н үндсэн хэлбэр байдаг: тоочих, хэлэлцүүлэх, тайлбарлах болон тодорхойлох. Би эдгээрийн талаар өмнө нь энд дэлгэрэнгүй бичсэн. Та харин дээрх төрлийн бичвэрүүдийг түлхүүр үгээр нь юмуу эсвэл тодорхой шинжээр/ялгац үгээр нь таниж сурах хэрэгтэй. Дараа нь эдгээр төрлийн бичвэрүүдийг үүсгэхэд өгүүлбэрүүд хэрхэн холбогдож байгааг судлаж сурах нь зүйтэй. Жишээ нь хэлэлцүүлэх бичвэр үндсэн хоёр хэсэгтэй. Таамаглал ба дүгнэлт. Дүгнэлтийн хэсэг нь зохиогчийн гол хэлэх санаа болох буюу “тийм учраас”, “үүнээс улбаалан” гэх мэт тодорхойлогчуудыг ашигласан байдаг. Ер нь бичлэгийн нэлээд их хэсэг нь бичвэрийг уншихад тааламжтай болгоход зориулсан, аль эсвэл таны анхаарлыг сарниулах гэсэн болон зүгээр л зай бөглөх гэсэн дүүргэлтийн хэсгүүд байх нь элбэг. Шал дэмий зүйлсээс нь хэрэгтэй зүйлсийг сатааралгүйгээр ялгаж авч уншина гэдэг бол чухал чадваруудын нэг юм. Сургууль үүнийг хэзээ ч заахгүй ч гэсэн та өөрөө энгийн логикийн талаарх суурь сурах бичиг олж аваад судлаад үз. (critical thinking – гэх мэт иймэрхүү гарчигтай байдаг) Тэр номноосоо хэлэлцүүлгийн хэлбэрүүд, тодорхойлж буй/ялгац үгнүүдийг (ийм төрлийн ихэнхи номнууд бусад 3 төрлийн бичлэгийн хэлбэрийг ашигладаггүй) нь олж тогтоогоод унших зүйлдээ болон хичээл дээр багшийн хэлсэн үгэнд тэдгээрийг нягталж дадлага хийгээрэй. Өдөр бүр тодорхой нэг ялгац үг дээр анхаарлаа хандуулж амьдралд хэрхэн хэрэглэгдэж байгааг нь ажиглаж байх хэрэгтэй. 3.Үнэнийг хуудуу зүйлсээс хэрхэн ялгах Би энэхүү сэдвээр хаа нэг газар зөндөө бичиж байсан гэхдээ энэ бол сургуулиудад нэлээд өргөн хүрээтэйгээр орхигддог асуудлын нэг билээ. Заримдаа би үүнийг багш нар шавь нараа өөрсдийнх нь хэлсэнийг нягтлалгүйгээр шууд хүлээж авах ёстой гэж ханддагаас болдог байх гэж таамагладаг. Хэрвээ тэд багшийн хэлсэн бүхнийг ухаж асуугаад байвал тэд юу ч сурч чадахгүй болно! Хамгийн эхний сурах шаардлагатай зүйл бол юу сонсох, юуг унших, зурагтаар юу үзэхээ эрж хайхаас эхэлнэ. Хүний хэлсэн болгоныг шууд битгий хүлээж авч дагаж бай. Үргэлж асуу, та үүнийг үнэн гэдгийг ер нь яаж мэдэх вэ? Ямар нотолгоо таныг худал хэмээн үзэхэд хүргэж байна вэ? Би энэ тал дээр хэд хэдэн удаа жишээ нь Логикийн хуурмаг чанарын гарын авлага болон Цахим хуудсуудыг хэрхэн үнэлэх вэ зэрэг бичвэрүүдийг оролцуулаад бичсэн. Эдгээрт дурьдсан зарчмууд нь нэлээд өргөн хүрээнд хэрэглэх боломжтой. Жишээлбэл, таны дарга танд ямар нэг зүйл хэлбэл, зүгээр л дээрх зарчмаар шалгаад үз. Магадгүй та боссынхоо хэлсэн зүйлсээс хир их нь худал байхыг хармагцаа гайхаширж ч болно! Өдөр бүр ядахад нэг мэдээлэлийг (сонины өгүүлэл, блог тэмдэглэл, лекцийн материал гм ) шалгаж үзэж бай. Үг бүрийг, өгүүлбэр бүрийг задлан шинжлээд юунд итгэхийг хүсч байгаа болон юуг мэдрэхийг хүлээж байгаагаа өөрөөсөө асуу. Тэгээд дараа нь тэгэж итгэх болон мэдрэхэд хангалттай шалтгаан байгааг юмуу аль эсвэл хуурагдаж байгаа эсэхээ ахиад өөрөөсөө асуу. 4.Хэрхэн нэгнийгээ ойлгох Ихэнхи хүмүүс өөрсдийн гэсэн ертөнцдөө амьдардаг, дийлэнх тохиолдолд энэ нь хэвийн зүйл. Гэхдээ тэнд бас бусад хүмүүс амьдардаг, тэд ч гэсэн өөр өөрсдийн ертөнцдөө амьдардаг гэдгийг ядахдаа ойлгож байх нь маш чухал. Ингэх нь таныг бусад хүмүүс ч гэсэн тантай адил гэсэн алдаатай бодлоос сэргийлж чадна. Түүнчлэн илүү чухал нь ингэж бодсоноороо та бусад хүмүүсийг шинэ санаа болон мэдлэгийн гайхалтай эх ундарга болгох боломжтой болно. Энэхүү үйл явцад бусдын нүдээр орчныг харах багтана. Магадгүй өөр газраас ирсэн хүн ч байж болно шууд утгаараа. Тэд таныг үзсэн зүйлсийг хараагүй та ч тэдний харсан зүйлсийг үзээгүй байж болох. Хандах хандлагын энэхүү өөрчлөлтүүдийг ойлгох чадвар нь магадгүй тэдний чухал гэж итгэдэг зүйлсийг ч өөрчилж чадна. Бүр илүү чухал нь бусад хүмүүс хэрхэн мэдэрч байгааг төсөөлөх боломжтой болно. Энэ нь юу вэ гэвэл та тархиндаа бусад хүмүүсийн бодол, мэдрэмжийг агуулсан загварыг үүсгээд өөрийгөө тэр загвартаа тавьж чадна. Та өөрийгөө тэр хүн гэж төсөөлөөд тэрхүү нөхцөл байдалд нь өөрийгөө тавибал илүү үр дүнтэй. Үүнийг сурах магадгүй хамгийн сайн арга бол жүжгийн урлаг судлах юм. (Би үүнийг Шексфирийн бүтээлүүдээс судлаж эхэл гэсэн утгаар биш жүжигчилсэн тоглолтонд хэрхэн тоглох вэ гэдэг утгаар нь) Харамсалтай нь сургуулиуд үүнийг үндсэн суралцах зүйлсийн хөтөлбөрт оруулдаггүй. Харин оронд нь та шашин ч юмуу философийн сэдвүүдийг сурах шаардлагатай болдог. Сургуулиуд яг үнэндээ бол тэдгээрийг ч оруулдаггүй. Тэгэхээр та ядаж хэсэг хугацааг өөр дүрд тоглох тоглоомд өдөр бүр зарцуулж бас хэн нэгэн өөр хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилтэй хүний оронд өөрийгөө тавьж дадлага хийж байгаарай. Хэрвээ та нинжин сэтгэлтэн бол өөрийнхөө болон бусад хүмүүсийн хоорондох ялгааг арилгах аргуудыг ойлгож бас эрж хайж эхэлнэ. Жишээлэхэд эвтэй найрсаг бас буурь суурьтай байх зэрэг нь танд илүү чухал болж эхэлнэ. Хэрвээ та хэн нэгэнд бүдүүлгээр хандвал тэдний гомдлыг мэдрэх чадвартай болно. Үүнтэй ижлээр та илүү үнэнч шударга болно яагаад гэвэл та таны мэхэлсэн зүйлс чинь хэрхэн тод илэрч байгааг хүнийг амархан мэхлэгдэнэ гэсэн бодол ямархуу түрэмгий байдгийг ойлгож эхлэнэ. Гүн ойлголцол, хүнлэг сэтгэл бол ямар нэгэн тохиролцооны зүйл биш юм. Энэ бол Алтан дүрмүүдийн хэрэгжүүлэлт ч биш. Энэ бол бусад хүмүүсийн талаарх таны жинхэнэ мэдрэмж, тэдний дотоод оюуны ертөнцөд өөрийн ухааны хүнлэг чанараар дамжуулан хүрэх зам юм. Та эелдэг зөөлөн болно яагаад вэ гэвэл та бүдүүлэг байвал тааламжгүй байна гэдгийг мэдэрч чадна, та үнэнч байна яагаад гэвэл та худлаа ярих үедээ эвгүй сэтгэгдлийг мэдэрч чадна. Та энэхүү мэдрэмжийг хэрхэн байлгахыг сурах хэрэгтэй, нэгэнтээ танд ирсэн тохиолдолд өмнө нь таны амьдрал ямар хоосон хөндий байсныг та ухаарах болно. 5. Хэрхэн бүтээлч байх Хүн болгон бүтээлч байж чадна. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг эргээд нэг харвал та олон талаараа бүтээлч хүн гэдгээ мэдэх болно. Хүн төрөлхтөн байгалиасаа бүтээлч байх чадвартайгаар заяагдсан – энэ нь угаасаа л бидний оюун ухааны ажиллах хэлбэр – дадлага хийх тусам үүнд машид гаргуун болох боломжтой. Гол гогцоо нь юунд вэ гэвэл бүтээлч сэтгэхүй хэрхэн ажилладагийг ойлгоход оршино. Заримдаа хүмүүс бүтээлч санаанууд оргүй хоосноос урган гарч ирдэг хэмээн боддог боловч үнэн хэрэгтээ таны мэдлэгээ тодорхой аргуудаар хэрэглэх болон зохион байгуулсны үр дүн юм. Жинхэнэ бүтээлч сэтгэхүй нь ер нь дандаа ямар нэг зүйлийн хариу үйлдэл байдаг. Жишээ нь энэ өгүүлэлийг гэхэд л ижил сэдвээр бичсэн нэгэн өгүүлэлийг сайтар бодож бичээгүй байна гэж үзээд хариуд нь бичиж байна. Бүтээлч чадвар мөн ямар нэгэн тодорхой асуудлын хариуд урган гарч болно: муурыг хэрхэн аврах вэ, ангалыг яаж харайх вэ, угаасан цагаан хэрэглэлийг яаж өлгөх вэ гэх мэт. Тэгэхээр бүтээлч байхын тулд хийх хамгийн эхний зүйл бол шийдэж болох асуудлуудыг, ямар нэг гүйцээх ёстой хэрэгцээг, хариу үйлдэл нэхсэн зүйлсийг илрүүлж олж сурах юм. Үүнд дадлага шаардагддаг. (асуудал болон хэрэгцээг харах бүртээ бичиж тэмдэглэхийг хичээх, блогдох зэргээр) Үүний зэрэгцээгээр, бүтээлч чадвар нь, нэг төрлийн мэдлэгийн хүрээнээс нөгөө рүү мэдлэгийг шилжүүлэх болон заримдаа тэрхүү мэдлэгийн зохицуулалтыг шаарддаг. Хэрвээ та бодит ангалыг харлаа гэж бодоход төстэй ангалыг хэрхэн онлайн тоглоом дээр харайж байсан бэ? Эсвэл зайны хүчилийг цэвэрлэх шаардлага гарсан гэж үзвэл ходоодныхоо илүүдэл хүчлийг хэрхэн гадагшлуулж байсан бэ? Бүтээлч чадварыг хөгжүүлэхэд, өөр үгээр тайлбарлахад,(метафор) одоогийн нөхцөл байдал ба таны мэддэг зүйлсийн хооронд байх төстэй зүйлсийг хэрхэн хайж олохыг сурах шаардлагатай. Энэ нь ерөнхийдөө “Хайрцагнаас гадагш сэтгэх” гэж нэрлэгдэх буюу – одоогийн байгаа асуудлын хүрээнээс гадагш гарахыг та хүсч байна гэсэн үг. Үүнд оролцдог тодорхой чадвар бол “нэгдмэл суурь холбоог ойлгох”. Энэ чадвар бол сурахад маш төвөгтэй, дадлага их шаарддаг тиймдээ ч бүтээлчээр сэтгэх нь хэцүү байдаг юм. Гэхдээ “нэгдмэл суурь холбоог ойлгох” чадварыг сурч болно – энэ нь та нэг дууг нөгөөтэйгээ адилхан байна гэж хэлэхэд, та зураг авахад (жишээ нь цэцэг, эсвэл загасчины онгоц гэх ч юмуу) таны хийж байгаа тэр зүйл юм. Урлагт ихэвчлэн юмсын хоорондын холбоог хайх болдог, тийм болохоор та энэ жил хөгжим, фото зураг, видео, зураасан болон уран зураг эсвэл шүлэг гэх мэт урлагийн аль нэгэнд өдөр бүр хэсэг хугацааг зарцуулах нь зүйтэй. 6. Хэрхэн ойлгомжтой харилцах Ойлгомжтой харилцана гэдэг нь үндсэндээ бол юу хэлэх гэсэн зүйлээ мэдэх, тэгээд түүнийгээ хэлэхдээ зарим энгийн хэрэгслүүдийг ашиглахаас тогтдог. Ер нь хамгийн хэцүү хэсэг нь юу хэлэхийг хүсч байгаагаа мэдэх нь юм. Гэхдээ та юуг илэрхийлэх гээд байгаагаа ойлгоход хугацаа зарцуулах нь үүнийг ойлгомжтой болгох зорилгоор баахан зүйл бичихээс илүү үр дүнтэй байдаг. Юу хэлэхийг хүсч байгаагаа мэдэх нь голдуу бүтэц, зохион байгуулалтын асуудал байдаг. Мэргэжлийн зохиолчид нэлээд стандарт бүтэц бүхий багаахан хослолуудыг ашиглаж бичдэг. Жишээ нь зарим зохиолчид энэ өгүүлэл шиг тоочсон хэлбэрээс тогтох өгүүлэлүүдийг илүүд үздэг.(эсвэл бүр бүхэл бүтэн ном!) Өөр нэг “пирамид загвар” гэж нэрлэгдэх ихэвчлэн сэтгүүлчдийн ашигладаг хэлбэрт – бүх үйл явдлыг эхний хэсэгт өгүүлээд түүнээс хойшхи хэсэг бүрт ач холбогдол нь буурах дарааллааар задаргаануудыг нь өгдөг. Энэхүү нийт бүтэцийн дотор зохиолчид хэлэлцүүлэх, тайлбарлах, тоочих болон тодорхойлох хэсгүүд заримдаа тэдгээрийн хослолыг ашигладаг. Эдгээр нь тус бүртээ ялгаатай бүтэцтэй. Жишээлбэл хэлэлцүүлэг дүгнэлт буюу зохиолч танд итгүүлэхийг хүссэн хэсэгтэй байх ёстой. Дүгнэлт нь хэд хэдэн нөхцөлүүдээр дэмжигдэх ёстой. Эдгээр нөхцөлүүд болон дүгнэлтийг хооронд нь бүлэг ялгац үгнүүдээр холбох болно. Жишээлбэл “ийм учраас” гэсэн үг дүгнэлтийг тодотгож өгнө. Ойлгомжтой бичиж сурна гэдэг бол ашиглах хэрэгслүүдийн талаар судлах тэгээд тэдний хэрэглээний талаар дадлага хийх асуудал юм. Ерөнхийдөө бичих зүйлээ сайтар найруулж, бүтцэд оруулж суръя гэвэл ямар ч тэмдэглэлгүйгээр илтгэл тавих нь зүйтэй. Ингэх нь таныг тодорхой, ойлгомжтой бүтэцтэй байхыг шаардана.(өмнөхөөсөө та зайлшгүй санаж байх ёстой болно) Би энэ талаар дэлгэрэнгүйг энд бичсэн түүнчлэн Кэйт Спайсэрийн Winging It номыг уншаад үзээрэй. Үүний хажуугаар мэргэжлийнхэний хэрэглэдэг хэрэгслүүдийг эзэмш. Хэлэлцүүлэг, тайлбарлах, тоочих болон тодорхойлох хэлбэрүүдийг ашиглаж сур. Уншигчид тэдгээр хэлбэрүүдийн хооронд шилжих ялгац үгнүүдийг сур. Хэлзүйн суурь дүрмийг судал тэгвэл таны өгүүлбэрүүд хоёрдмол утгатай байхаа болино. Энэ талаарх бүх мэдээллийг та онлайнаар олж болно. Тэгээд өдөр бүр бичиж дадлага хийж бай. Дадлага хийх сайн аргуудын нэг бол оюутны болон сайн дурынхны сонинд элсэх – багаар болон, тодорхой уншигчдад зориулж бичих, эсвэл эцсийн хугацаатай болзолд амжуулан бичих зэрэг юм. Эдгээр нь таныг илүү шаламгай ажиллахыг шаардана. Энэ нь ч танд ашигтай. Яагаад гэвэл ойлгомжтой тодорхой бичих нь тааруухан бичихээс хамаагүй хурдтай байдаг. Хэрвээ сонин олдохгүй байвал шинийг гарга эсвэл мэдээний блог шинээр үүсгээрэй. 7. Хэрхэн сурах Таны тархи хоорондоо холбоотой хэдэн тэрбум нейроноос тогтдог. Сурах гэдэг нь чухамдаа бол тэдгээр холбоонуудын нэгдлийг үүсгэх үйл явц юм. Тархи үргэлж сурч байдаг, та математик судлаж байгаа эсвэл тэнгэр лүү ширтэж байгаагаас үл хамааран, яагаад вэ гэвэл тэдгээр холбоонууд нь үргэлж үүсч байдаг. Таны сурах зүйлсийн хэмжээ нь та хэрхэн сурдагаас шалтгаалдаг. Та суралцаж байгаа үедээ тархин дотроо суурь холбоог (patterns of connectivity) үүсгэхийг хичээж байна гэсэн үг. Та нейронуудыг хооронд нь холбохыг бас тэрхүү холбоог бэхжүүлэхийг хичээж байдаг. Энэ нь цуврал дадлыг юмуу туршлагуудыг давтахаар хэрэгжүүлэгддэг. Суралцана гэдэг бол дадлага болон давталтаар илэрхийлэгдэх асуудал юм. Тэгэхээр ямар нэг зүйлийг сурч байх үед – ‘2+2=4’ гэдгээс эхлээд квант механикийн зарчмууд хүртэл ямарч зүйлд – та үүнийг ахин дахин давтаж байж л тэрхүү нейроны холбоог бэхжүүлэх шаардлагатай. Зарим тохиолдолд хүмүүс үгийг чангаар давтан уншиж тогтоодог байсан – энэ төрлийн сургалт өргөн тархсан байсан нь саяхны л зүйл. Хэн нэгнийг ярьж байх үед тэмдэглэл хөтлөх нь бас сайн үр дүнтэй, яагаад гэвэл та эхлээд нэг удаа сонсоно тэгээд дараа нь бичихдээ ахиад нэг давтчихна. Бейсболын бөмбөгийг хэрхэн шидэж сурах талаар бодоцгооё. Хэн нэгэн үүний талаарх бүх зүйлийг тайлбарлана, та үүнийг бүгдийг нь ойлгох боловч гаргуун сайн болохын тулд зайлшгүй хэдэн мянган удаа шидэх шаардлагатай. Та өөрийнхөө нейроны холбоонуудыг булчингаа яаж хөгжүүлдэгтэйгээ яг адилаар хөгжүүлэх хэрэгтэй. Зарим хүмүүс суралцах гэдгийг бүлэг баримтуудыг сэргээн санах хэмээн боддог. Заримдаа энэ нь үнэн ч сурна гэдэг бол юмыг эргэн санахаасаа илүүтэйгээр ухааран ойлгох асуудал. Яагаад вэ гэвэл та нейронуудын сүлжээг байгуулахыг хичээж байгаа тул хоорондоо уялдаагүй хэсгүүдээс илүүтэйгээр холбоотой бүхэл зүйлсийг судлах нь зүйтэй мөн тэрхүү хүрээнд буй холбоотой хэсгүүд нь өмнө нь таны мэдэх өөр нэг хэсгийн холоотой зүйлстэй ижил суурьтай (same pattern) байх нь зохимжтой. Тодорхой нэг хүрээнд (domain) судлах гэдэг нь тэгэхээр тэрхүү хүрээний суурийг ухаарах асуудал л гэсэн үг. Заримдаа бидний хэрэглэдэг тэрхүү сууриуд нь хэтэрхий хийсвэр, ‘every good boy deserves fudge‘ (бидэнд хөгжмийн нотыг санахад хэрэглэгддэг өгүүлбэр) шиг байдаг. Бусад тохиолдолд тэрхүү суурь нь байгалийн хуулиудтай холбогдсон логикийн болон математикийн зарчмуудтай холбоотой, түүхийн цагалбар, юмс үзэгдэл бүхэлдээ хэрхэн ажиллаж байдагийг заах юмуу тиймэрхүү зүйлс байдаг. Зураг зурах нь ихэнхдээ хүмүүст суурь холбоог ойлгоход тусладаг (тийм болохоор mind-map болон concept-maps ууд нь өргөн хэрэглэгддэг). Үнэн хэрэгтээ, та математик, түүх, шинжлэх ухаан болон механикийн судлах зүйлсийг үндсэн суурь холбоо нь байнга давтагдах ерөнхий чанарыг судлах ухаан мэтээр хандаж болно. Энэ нь юу вэ гэхээр та эдгээрийг суралцахдаа “үндсэн суурь холбоо нь юу юм бэ” (ямар баримтууд байна вэ гэхээсээ илүүтэйгээр) гэж асууж байх шаардлагатай. Ийм асуултыг асуух нь үнэндээ эдгээр сэдвүүдийг сурахад хялбар болгоно. Сурахыг сурна гэдэг нь бусад зүйлсийг сурахтай яг л ижил. Үүнд дадлага шаардагддаг. Мөн та өдөр бүр ямар нэг зүйлийг, толь бичгийн нэг үг ч юмуу эсвэл Wikipedia – гийн нэг өгүүлэлийг сурахыг хичээж байх шаардлагатай. Тэгээд үүнийг сурахдаа тусад нь биш нэгдмэл суурь холбоог нь ажиглах, өмнө нь таны мэддэг зүйлстэй холбоотой эсэхийг нягтлах шаардлагатай. Энэ зүйл нь таньтай өмнө учирч байсан зүйлсийн нэг мөн үү. Энэ үг юмуу агуулгыг өөрийн өмнө нь мэддэг мэдлэгтээ ямар нэг байдлаар хэрэглэх хэрэгтэй – үүнийг агуулсан блог мэдээ бичих ч юмуу эсвэл үүнийг тайлбарласан зураг зураад орхих хэрэгтэй. Дурын агшинд хэрхэн сурч байгаагаа болон юуг сурч байгаагаа үргэлж бодож бай. Та байнга сурч байдаг гэдгээ ахиж санаарай – тийм болохоор та телевиз үзэж байхдаа, дэлгүүр хэсэж байхдаа, машин жолоодож байхдаа бейсбол тоглож байхдаа асуух хэрэгтэй. Ямар төрлийн суурь холбоонууд үүсч байна вэ? Ямар холбоонууд ахиж сэргэж байна? Та хэрхэн энэхүү үйл явцыг удирдаж чадах вэ? 8. Хэрхэн эрүүл байх Практик талаас нь авч үзвэл таны эрүүл мэндээ хамгаалах нь өвчинд нэрвэгдэх явдлыг бага байлгах, биеэ тордох гэсэн хоёр үндсэн хэсгээс тогтоно. Эхний асуудал нь бол цэвэрч байдал болон эмх цэгцтэй холоотой. Энгийн зүйлсүүд – жишээ нь модны гаралтай согтууруулах ундааг гал тогооны шүүгээнд биш гражиндаа хадгалах нь санамсаргүй хордохоос сэргийлнэ. Хоол хийх орчин болон хүнсний зүйлээ сайтар цэвэрлэх нь бактерийн бохирдлын эрсдлийг эрс бууруулна. Гараа тогмтол угааж хэвших нь хүнээс хүнд халдварлах өвчин болон вирус дамжихаас хамгаална. Үүнтэй ижил утгаар өнөөгийн боловсролын системд байгаа хурц асуудлуудын зарим нь үндсэндээ хэрхэн аюултай өвчин түүний үүсгэгчүүдээс сэргийлэх талаарх асуудлууд болоод байна. Гол зүйлийг тоймлоход: Хэрвээ та хэн нэгэн өвчний халдвар авсан хүнтэй хамт байх болвол хамгаалалт хийх шаардлагатай. Согтуурулах ундаа хэрэглэх, өөх тос ихтэй хоол хэрэглэх, тамхи татах болон мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь өөрийн биедээ хорт бодисыг нэвтрүүлж буй үйлдлүүд тул багасгаж, хааяа нэг хэрэглэх шаардлагатай бөгөөд хордох үр дагавар нь ихэсвэл ерөөсөө бүү хэрэглэ. Өөрийгөө асарч тордох нь магадгүй илүү чухал байж болох талтай учир нь эрүүл мэндэд учирдаг томоохон хямралууд нь бие организмын доройтол, хөгшрөлттэй холбоотой асуудлууд байдаг. Зөв, тэжээллэг хооллолт болон зүй зохистой дасгалуудад суралцаж, дадлагажиж байх шаардлагатай. Бүр хэтэрхий их эрүүл мэндээрээ хөөцөлддөг нэгэн болох гээгүй ч (тийм болсон хүн байдаг уу?) ямар төрлийн хоол, хүнс болон үйлдлүүд ашиг тустай болохыг мэдэж чанартай хоол хүнс хэрэглэж, зөв дасгалуудаар хичээллэж байх дадлыг үүсгэх нь ашигтай. Өдөр бүр ямар нэгэн байдлаар идэвхтэй байхыг хичээ – сургууль, ажилдаа унадаг дугуйгаар очиж болно, гадуур алхаж болно, спортоор хичээллэх юмуу дасгал хийж болно. Үүний зэрэгцээгээр өдөр бүр ядаж нэг удаа уураг болон эрдэс агуулсан (мах, хүнсний ногоо эсвэл буурцаг (soy) болон жимс гэх мэт) ‘өөртөө сайн хоол’идэхийг чармай. Хэрвээ таны сургууль зүй зохистой дасгалууд болон хүнсээр хангахгүй бол шаардах хэрэгтэй! Та өвчтэй бас өлсгөлөн байвал юу ч сурч чадахгүй. Үгүй бол үдийн цагаар өөртөө тохирсон өөр нэг хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Эцэст нь та өөрийн эрүүл мэнд болон амьдралаа хамгаалахад хэний ч өмнө тайлбарлах шаардлагагүй гэдгээ үргэлж санаж байх ёстой. Хэрвээ та ямар нэг зүйлийг аюултай гэж бодсоны улмаас хийхийг хүсэхгүй байгаа бол түүнийг хийхээс татгалзах нь таны хөдөлшгүй эрх. Үр дүн, гарч болох сайн муу ямар ч үр дүнгүүд нь үүнийг хийлгүй орхисноос илүү байх болно. 9. Хэрхэн өөрийгөө үнэлэх Нийгэм бол таныг өөрийнхөө талаар муугаар бодоход хүргэдэг асар том хуйвалдаан гэж хэлэхэд магадгүй хэтрүүлж болох ч гэсэн бас үгүйсгэж болохгүй юм. Зар сурталчилгааныхан бүтээгдэхүүнээ худалдан авахуулахын тулд таныг бүтэлгүйтэж байгаа мэтээр мэдрэмж төрүүлнэ, улс төрчид таныг чадваргүй хэмээн мэдрүүлснээр өөрсдийн бодлого, хөтөлбөрөөс хамааралтай болгоно тэр ч байтугай найз нөхөд болон таньдаг хүмүүс тань хүртэл өрсөлдөөнд давуу байдал олж авахын тулд таныг өөртөө эргэлзэхэд хүргэж магадгүй юм. Танд энэ дэлхийн бүхий л мэдлэг, чадвар байлаа ч та өөрөө түүнийгээ ашиглах эрхгүй мэт санагдаж байвал тэдгээр нь ямар ч утга учиргүй зүйл л байх болно, зүйрлэх юм бол та хувьдаа Ламборжинитай ч гэсэн жолооны үнэмлэхгүйтэй адил юм. Уг нь хашааны үүдэнд сайхан харагдах боловч та түүнийг унаад давхихгүй л юм бол үнэндээ түүнээс ямар нэгэн жинхэнэ утгатай зүйл олж авахгүй шүү дээ. Өөрийгөө үнэлнэ гэдэг бол зарим хэсэг нь хувь хүний төлөвшил, хөгжил нөгөө хэсэг нь сонголтоос хамаарна. Өөрийгөө үнэлэхийн тулд та өөрийгөө үнэлэгдэх үнэ цэнэтэй хэмээн мэдрэх шаардлагатай. Үнэн хэрэгтээ та үнэлэгдэх үнэ цэнэтэй нь тодорхой ч өөртөө итгүүлэхийн тулд зорилго тавин түүндээ хүрэх нь ихэнхдээ тусладаг, шинэ ур чадвар эзэмших эсвэл илүү сайн болох гэх мэтчилэн. Мөн өөрийгөө үнэлэхийн тулд өөртөө “Би үнэ цэнэтэй хүн шүү.” хэмээн хэлж байх ёстой. Энэ бол маш чухал. Бид өөрсдийнхөө талаар хэрхэн төсөөлөх нь яг л бусад зүйлсийг сурдагтай ижил асуудал юм. Хэрвээ хэн нэгэн хүн таныг ямар ч хэрэггүй амьтан хэмээн давтан хэлээд хэрвээ та түүнийх нь эсрэг ямар ч зүйл хийхгүй бол та өөрийгөө хэрэггүй амьтан гэдэгтээ итгэхэд хүрнэ яагаад вэ гэвэл энэ нь таны нейроны холбоонууд үүсэх хэлбэр болно. Харин та, би үнэлэгдэх юмтай хүн хэмээн өөртөө дахин давтаж, итгэж үүнийгээ өөртөө хэлэн хэвшүүлж сурвал тэр нь таны итгэдэг зүйл болох болно. Ер нь өөрийгөө үнэлнэ гэж юу юм бэ? Үнэндээ үүнд маш олон зүйлс хамаарна. Жишээлэхэд энэ нь таны хичээл зүтгэл аливааг хийж гүйцэтгэхэд нэмэр болдог, та өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхэд хүрэлцэхүйц сайн гэсэн итгэл. Энэ бол та чадвартай, шинэ зүйлсийг хийхийг сурч чадна, бас бүтээлч байж чадна гэсэн итгэл. Энэ бол таны бие даасан байх чадвар бөгөөд өөрийгөө сайхан байлгахаа тодорхой нэгэн хүн юмуу байгууллагад даатгадаггүй, өөрөө шийдвэр гаргаж өөрийнхөө амьдралаар, өөрийн замаар амьдрах чадвар юм. Энэ бүх зүйлс танд байх эрхтэй ч гэлээ танд шууд өгөгдөхгүй. Та өөртөө итгэсний үндсэн дээр (хэн ч юу ч гэж хэлж байсан үл харгалзан) мөн бие даасан байснаар үүнийг авах ёстой. Таны сургуульд энэ талаар хичээл байхгүй (магадгүй таны бие даасан байдал болон өөртөө итгэх итгэлийг тань гутаахыг идэвхтэйгээр оролдох тул анхаар). Тэгэхээр та өөрийн үнэлэмжийн талаарх мэдрэмжээ гартаа авах ёстой. Өдөр бүр үүнийг хий. Өөртөө өөрийгөө ухаалаг, дэгжин, хүчтэй, сайн өөр юуг хүсч байна түүнийгээ хэлж бай. Үүнийгээ чангаар өглөөд, шаардлагатай бол шүршүүрт орж байх чимээнээрээ заавал хэлж бай. Тэгээд энэ зүйлүүд дээрээ ажилла. Үгийн сүлжээ, таавар тааж ухаалаг бай. Өөрийн гэсэн стильтэй болж дэгжин бай. Өөртөө хийхээр амласан зүйлсээ хийж хүчирхэг бол. Сайн үйлс бүтээж сайн хүн бол. Тэгээд үүнийг хийх бүртээ би хийчихлээ хэмээн өөртөө сануулж бай. 10. Хэрхэн утга учиртай амьдрах Энэ нь магадгүй бүх л суралцах зүйлсийн хамгийн хэцүү нь бөгөөд хамгийн бага заагддаг нь байж болох юм. Утга учиртай амьдрана гэдэг бол үнэндээ хэд хэдэн зүйлийн хослол. Нэг талаар энэ нь ямар нэгэн зорилгын талаарх зүтгэл боловч бас таны одоог хүртэлх тэмцэл, ололт амжилтандаа бахархах мэдрэмж бөгөөд эцсийн эцэст энэ хорвоо дээр байх байраа олох , таны ухаарал, утга учир бол зөвхөн та л өөрөө өөртөө бүтээх зүйл билээ. Маш олон хүмүүс ямар ч утга учиргүйгээр амьдардаг. Тэд улам их мөнгө олохыг эсвэл өөрсдөө нэр алдар, эрх мэдэлтэй болохыг тэмүүлэх бөгөөд тухайн зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран өөрсдийн амьдрал нь хөндий хоосон, утга учиргүй мэт болдог. Энэ нь яагаад вэ гэвэл тэд амьдралын нугачаанд самуурдаг – мөнгө, алдар цуу, эрх мэдэл бол хүмүүс юуг хийж бүтээвэл зохих зүйлсээ олохын тулд хөөцөлддөг зүйлс юм. Юуг хийвэл зохилтой вэ? Энэ бол таны шийдэх асуудал. Би өөрийнхөө амьдралыг хүмүүс боловсрол эзэмшихэд нь туслахад зориулахаар шийдсэн. Зарим нь өвчнийг эмчлэхэд, сансар огторгуйг судлахад, Бурханыг шүтэхэд, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зориулахад, машин зохион бүтээхэд эсвэл дээд төгс гэгээрэлд хүрэхэд зориулдаг. Хэрвээ та хийвэл зохих зүйлээ өөрөө шийдэхгүй бол хэн нэгэн таны өмнөөс шийдэх бөгөөд хэзээ нэгэн цагт та ерөөсөө хийх ёстой зүйлээ хийж байгаагүйгээ ухаарах болно. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн, хэсэг хугацааг юуг хийвэл зохих талаараа бодох хэрэгтэй. Та маргааш гэхэд шийдвэрээ өөрчилж ч болно. Гэхдээ заавал эхэл, үгүй ядахдаа аль нэг зүг рүү тэмүүлээрэй. Дараагийн нэг зүйл бол “одоогийн агшинд амьдрах” гэж заримдаа хэлэгддэг бөгөөд үндсэндээ бол та өөрийнхөө бодлыг удирдаж чадна гэсэн ойлголт юм. Таны бодлууд нь таныг удирдахгүй бөгөөд ердөө хэрэг болох ганц зүйл нь одоогийн агшин гэж болно. Хэрвээ та ямар нэгэн зүйлийн тухай, тухайлбал найдан хүлээж буй зүйл, бүтэлгүйтэл, айдас гэх мэт бодож байлаа ч тэдгээр бодлууд нь таныг гэмтээж чадахгүй бөгөөд та тэдгээр бодлууддаа их, бага ямар хэмжээгээр итгэхээ сонгож чадна. Үүний нөгөө нэг талаас нь авч үзвэл: таны яг одоо хийж байгаа зүйл бол таны хийхийг хамгийн их хүсдэг зүйл гэсэн үг. Тэгэхээр та магадгүй “Юу гэсэн үг вэ! Би Малибуд тэнгисийн эрэг дээр амарч баймаар байна!” гэж болох юм. Гэвч та үнэхээр Малибуд наран шарлагын газар байхыг хүсч байсан бол тэнд л байж байх байсан. Тэнд байхгүй байгаагийн шалтгаан нь та амьдралын өөр бусад асуудлуудад жишээ нь ажилдаа, гэр бүлдээ, эх орондоо илүү ач холбогдол өгсөн гэсэн үг. Юуг хийж бүтээхээ өөрөө сонгох чадалтайгаа та ухаармагц, та бас гарах үр дагаварыг нь сонгох чадвартайгаа ойлгох болно. Үр дагаварууд бүр муу үр дагаварууд ч гэсэн ихэнх тохиолдолд сонголтын л асуудал байдаг. Энэхүү ухаарал бол маш их сэтгэл сэргээнэ. Уншигч та энэ талаар бодоод үз дээ – юу вэ гэвэл яг одоо миний хийхийг хамгийн их хүсч байгаа зүйл бол энэхүү өгүүлэлийг танд зориулан, тиймээ танд зориулан бичих юм. Тэгээд бүр илүү гайхмаар нь, зохиогч миний хувьд таны яг одоо Малибуд байхаас илүүтэйгээр хийхийг хүсч байгаа зүйл бол миний бичсэн зүйлсийг унших гэдгийг мэдэж байна. Энэ нь намайг ямар нэг утгатай, ойлгомжтой зүйл бичих хүслийг төрүүлж миний амьдралыг учир утгатай болгох нэгэн зүйл болдог юм.
Posted on: Sun, 08 Sep 2013 10:39:27 +0000

Trending Topics



style="min-height:30px;">
FULL FORMS OF COMPUTER RELATED
MEET & GREET FRUKO THIS THURSDAY!!! Must purchase online for your
PMT DOTA 2 SET 2 Live Score Update Link

Recently Viewed Topics




© 2015